Оюутолгойн гэрээг зурагдахаар ингэнэ тэгнэ гэсэн их хүлээлт энэ намаржингаа хүмүүсийн дунд байлаа. Дүүгийн ажилладаг компани гэрээ байгуулагдчихвал тогтмол ихээхэн орлоготой болоод ирнэ гэнэ. Найзын компани болохоор гэрээ байгуулагдсаны дараа ихээхэн ажилчин нэмж авч Оюутолгой дээр нэгэн төсөл дээр гүйцэтгэгчээр ажиллана гэнэ. Оюутолгойн ордыг ашиглаад ирэхээр цахилгаанаа тийш нь зарах учраас цалин нэмэгдэнэ гэсэн цуу яриа станцынхны дунд гарчээ. Олигтой ажил, мэргэжилгүй залуус Оюутолгойд ажиллана гээд хөөцөлдөөд эхэлчихэж.
Ийм их хүлээлт бидний дунд энэ намаржингаа байлаа. Монголчууд нийтээрээ “Эх орны хишиг”-ээ хүлээсээр байсан нь нууц биш. Зэс, алт, мөнгө, хүдэр зэргийг өөртөө агуулсан баялаг ихтэй энэ ордыг ашиглах 2 талын гэрээ байгуулагдангуут урьдчилгаа болох 250 сая доллар, төгрөгөөр бол 400 орчим тэрбум төгрөг манай улсад ороод ирэх нь. Хүн амаа ч тоолж чаддаггүй гэсэн шүүмжлэлийг хүлээдэг төр засаг ирэх онд энэ мөнгөөр зардал хийн харин ч нэг тоолсон шиг тоолно гэж ярьж байна. Бас тун удахгүй “Эх орны хишиг”-г түгээх талаар хэлэлцэж эхлэнэ гэж байна. Харин хэдий хэрийн хугацаанд хэлэлцэж, зөвшөөрөх татгалзах хүн олон гарч, янз бүрийн хөдөлгөөнүүдийн хэрүүл маргаан болох гээд халуухан өдрүүд өнөөдрөөс эхэллээ. Өөрөөр хэлбэл дөнгөж сая гэрээ байгуулагдчихлаа.
Бага байхад хөдөөний нэг рашаанд гэр бүлээрээ амардаг байлаа. Тэнд ихэнхдээ Эрдэнэтийнхэн очдог. Эрдэнэт хотын хүүхдүүдтэй мэдээж танилцаж тэр хэдхэн хоногт нөхөрлөнө. Усанд сэлвэл сэлчихдэг, гар бөмбөг тоглосон шиг тоглочихдог миний бодлоор юм юмны захтай сэргэлэн цэмцгэр хүүхдүүд байдаг байсан. Хотын хүүхдүүд хажууд нь лав харилцаж тоглож чаддаггүй л байлаа. Хамгийн сүүлд саяын зун Эрдэнэтээр дайрахад Хүүхдийн парк байгуулагдаж, “Алсыг харагч”-аа угсарч байна лээ. Бас жижигхэн ууланд цанын бааз байгуулж буй бололтой байсан. Харин тэр өнгө өнгийн гэрэлтэй, хөгжим дуугардаг усан оргилуурыг нь зурагтаар үзсэн. Манай хотод лав ийм усан оргилуур байгаа бил үү. Анх Эрдэнэтийн бүтээн байгуулалтын ажилд оролцохоор эх орны маань энд тэндээс л залуус ирж суурьшсан гэдэг. Тэд Оросуудын нөлөөгөөр сайхан соёлжиж, одоо Эрдэнэт гэдэг сайхан цэвэрхэн хот болсон. Оюутолгойд ч мөн адил янз бүрийн залуус очиж ажиллах байх.
Хүсэн хүлээсэн гэрээ өнөөдөр байгуулагдчихлаа. Алсдаа Оюутолгойн орд газар хавьд цэвэр цэмцгэр, соёлтой Эрдэнэт шиг том хот бий болох байх. Байгаль орчноо нөхөн сэргээсэн шиг сэргээх байх. Ганц Эрдэнэтээ байтугай Монгол улсаа олон жил тэжээсэн Эрдэнэт шиг ажиллах болтугай. Олон мянган залууст ажил амьдрал хайрлаж, ашиг шимээ олон жил өгөөсэй гэж итгэх л үлдлээ.





Сэтгэгдэлүүд:
харин Оюу толгой яахол??
Сэтгэгдэл үлдээх: